2009-12-08
Чихэр гэдэг эм
Францын хаан XV Людовик насан туршдаа мартахааргүй сайхан бэлгийг 1715 онд, таван настайдаа авсан тухайгаа дурссан байдаг аж. Тэрхүү бэлэг нь чихрийн цуглуулга байсан гэдэг. Орчин үеийн хүүхэд, залуусын дотнын “анд” чихрийн тухай сонирхолтой баримтаас танилцуулъя.

* Чихэр гэдэг үг “эм дом бэлтгэх” гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Чихрийг хамгийн анх эртний Египетэд хийсэн гэдэг. Тэр үед хүн төрөлхтөн элсэн чихэртэй “танилцаагүй” байсан учир зөгийн бал, хасарваань болон нандин чавгыг гол түүхий эд болгодог байжээ. Дорнын улсуудад мөн л чихэрлэг амттай жимсийг чихэр хийхэд хэрэглэдэг байсан бол эртний ромчууд төрөл бүрийн самрыг буудайн үртэй хольж чанаад зөгийн бал, гүнжийн тостой найруулдаг байжээ.

* Муу үг хамгийн их “сонссон, хэлмэгдсэн” амттан бол шоколад гэнэ. Шоколадны үйлдвэрлэл болон хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг Европт XVI зууны үед эл амттанг ад шулмын идэш хэмээж, муу муухай үйл бүхнийг шоколаданд тохдог байж. Нэгэн залуу эр найз бүсгүйдээ бичсэн захидалдаа, “Хайрт минь, дахиж шоколад идэж болохгүй шүү. Танил бүсгүй маань жирэмсэн үедээ шоколад идээд, тас хар хүүхэд төрүүлсэн” гэжээ.

* Тэгвэл хамгийн романтик чихрээр чөмөгтэй чихэр шалгарчээ. Германы сэтгэл судлаачдын үзэж байгаагаар гүзээлзгэний амттай чихрийг романтикууд, самрын амттайг нь ичимхий, бүрэг зантайчууд сонгодог бол уран бүтээлчид наргил модны самрыг илүүд үздэг гэнэ.

* Чихэр хэмээх амттан дэлхийг байлдан дагуулсан XIX зууны үед орц найрлага нь нэмэгдэж, нэрийн бүтээгдэхүүн болтлоо “томорсон” байна. Хүндтэй зочноо өөрийн жороор бэлтгэсэн чихрээр дайлах нь нэр төрийн хэрэг байв. Тэр үед хамгийн их моодонд орсон чихэр бол монголчуудын нэрлэдгээр “сармай дээлт”. Гэртээ бэлтгэсэн чихэр нь өтгөн, зууралдсан байх тусмаа хамгийн сайнд тооцогдоно.

* Үе үед үйлдвэрлэж ирсэн чихрүүдээс хамгийн алдартай нь 1663 онд Германы элчинд зориулан хийсэн франц тогоочийн самартай чихэр юм. Өтгөрүүлсэн чихрийг самартай хольж, хэвэнд цутгасан эл чихрийн үйлдвэрлэлээр Герман, Швейцарь улс тэргүүлдэг юм байна.

* Дэлхийн амттаны шоунд зориулан хийсэн “Мастер Фудс” компанийн савтай чихэр хамгийн том чихрээр шалгарчээ. 1.5 метр өргөн, 2.5 метр урт саванд 800 кг чихэр багтсан аж. Тэгвэл “Gummi Bear Factory”-н үйлдвэрлэсэн 1.68 метр урт, 633 кг “Хаги-Бой” дэлхийн хамгийн том чихэр.

* Сансрын “Мир” станцад ажиллаж байсан Оросын сансрын нисгэгчид эх дэлхийгээс чихэр илгээхийг 1995 онд хүсчээ. Эрдэмтэд хамгийн хөнгөн жинтэй болоод аюулгүй гэж үзсэн, иштэй чихэр чупа чупсыг сонгон сансарт илгээсэн байна. Сансарт “ниссэн” чихэр чупсаас өөр байхгүй тул “Сансрын чихэр” хэмээдэг аж.

* Финчүүдийн хийдэг чихэрлэг амтгүй чихрийг хамгийн гайхалтай бүтээгдэхүүн гэдэг. Исгэлэн, давстай “чихрээ” тэд шар айрагт дарж, исгэхээс гадна өөр этгээд амт ч оруулдаг гэнэ. “Гашуун чихрээс” заримдаа нефть амттагддаг аж.
Төрөл бүрийн чихрийн орцны 40-70 хувь нь элсэн чихэр. 100 гр чихрийн тэжээллэг чанар нь 358/1498—523/2514 ккал/к.
Чихэр болон шоколад сэтгэл сэргээж, тамир тэнхээ оруулдаг нь олон жилийн өмнө батлагдсан тул олон орны цэргийн хүнсний жагсаалтад зайлшгүй багтаадаг аж. Дэлхийн II дайны үед чихэр Германы цэргийн чухал хүнс байсан бөгөөд түүний ачаар өлсөхийг мэддэггүй байсан тухайгаа олон хүн дурсан ярьсан байдаг. davlagaa.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 16:46 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гуниглах chiher ideh yumsan,araanii shvls asgarch bnaaa гуниглах
Бичсэн: Garin цаг: 22:33, 2010-11-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax